Сиднейн олимп (Sydney 2000 Summer Olympic Games, Millennium Games/Games of the New Millennium, албан ёсоор Games of the XXVII Olympiad) нь 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл Австралийн Сидней хотноо зохиогдсон 27 дахь удаагийн зуны олимпын наадам.
Олимпийн наадам Өмнөд хагаст зохиогдож буй хоёр дахь тохиолдол. Өмнөх нь Австралийн Мельбурн хотод 1956 онд зохиогдсон.
Олимпын 27-р наадам Games of the XXVII Olympiad | |
| |
Зохиогдсон хот | Австралийн Сидней хот |
---|---|
Оролцсон улс | 199 |
Оролцогчдын тоо | 10,651 (6,582 эрэгтэй, 4,069 эмэгтэй) |
Зохиогдсон спортын тэмцээнүүд | 28 төрөл 300 багц медаль |
Нээлтийн ёслол | 2000 оны есдүгээр сарын 15 |
Хаалтын ёслол | 2000 оны аравдугаар сарын 1 |
Наадмыг нээгч | Австралийн амбан захирагч Виллиам Дийн |
Тамирчдын тангараг | Речелл Хоокс |
Шүүгчдийн тангараг | Питер Кэрр |
Бамбар асаагч | Кэти Фриймэн |
Төв цэнгэлдэх хүрээлэн | Австрали цэнгэлдэх хүрээлэн |
Сидней хот 1993 оны есдүгээр сарын 23-нд Монакогийн Монте-Карло хотод болсон ОУОХ-ны 101-р чуулган дээр 4 шаттай санал хураалтын дүнд Бээжин, Берлин, Стамбул, Манчестер хотуудаас илүү санал авч сонгогджээ.
2000 Зуны Олимпыг зохион байгуулах хотыг тодруулах санал хураалт | |||||
---|---|---|---|---|---|
Хот | 1-р шат | 2-р шат | 3-р шат | 4-р шат | |
Австрали Сидней | 30 | 30 | 37 | 45 | |
Хятад Бээжин | 32 | 37 | 40 | 43 | |
Их Британи Манчестер | 11 | 13 | 11 | - | |
Герман Берлин | 9 | 9 | - | - | |
Турк Стамбул | 7 | - | - | - |
Нээлтийн ёслолын ажиллагаа нь Австралийн бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг харуулснаар эхэлсэн бөгөөд Австралийн үндэсний дууллыг Хюмэн Нэйчэ хамтлаг эхэлж, дараа нь Жюли Энтони хэмээх дуучин үргэлжлүүлэн дуулсан.
Ёслолын ажиллагаа нь цааш Австралийн газар нутаг, хүн амынх нь олон онцлогийг харуулж үргэлжилжээ. Тухайлал анх Австралийн уугуул иргэд хэрхэн тус "арал тивийг" эзэмшсэн, дараа нь анхны флот ирж, олон улсаас цагаачид ирж байгаа, хөдөөгийн амьдралын хүнд хэцүү байдал зэргийг харуулсан. Энэ арга хэмжээний хоёр дурсууштай үзүүлбэр бол Төв Австралиас ирсэн 200 уугуул эмэгтэй Олимпийн тоглолтыг ивээх Бурхны хүчирхэг сүнсэнд зориулж бүжсэн үзүүлбэр, барилгын салбарын дуу чимээг төлөөлүүлж бүжиглэсэн хэдэн зуун өсвөр насны товшуур бүжигчдийн үзүүлбэр юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн эхнэр хүнд өвчтэй байсан тул Олимпын тоглолтод хамт ирж чадаагүй. Харин Австралийн Олимпын аварга усанд сэлэгч, Шинэ Өмнөд Вэльс мужийн парламентын гишүүн Доон Фрэйзер Самаранчийн дэргэд байж, Австралийн соёлын үзүүлбэрийг тайлбарлаж байлаа.
Тус Олимпын анхны медалийг эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн зайд гардуулсан бөгөөд энэ төрөлд АНУ-ын тамирчин Нэнси Жонсон түрүүлжээ.
Триатлон буюу гурван төрөлт анх удаа Олимпын тоглолтын хөтөлбөрт орсон бөгөөд энэ өдөр эмэгтэйчүүдийн уралдаан боллоо. Швейцарыг төлөөлсөн Брижитт МакМахон энэ тэмцээнд аваргалж Австралийн хүчтэй тамирчдыг ардаа орхилоо.
Тус Олимпын анхны од нь Ян Торп боллоо. 17 настай Австралийн тамирчин залуу эхлээд 400 м-ийн чөлөөт сэлэлтэд дэлхийн шинэ рекорд амжилт тогтоосныхоо дараа 4 x 100 м буухиа чөлөөт сэлэлтийн тэмцээнд орсон. Багийнхаа сүүлийн гараанд гарсан Торп түрүүлж байсан америкчуудыг гүйцэж, дэлхийн шинэ рекорд тогтоожээ. Эмэгтэйчүүдийн буухиа чөлөөт сэлэлтэд америкчууд Нидерланд, Шведийн багуудын урд орж дэлхийн рекордыг шинэчилсэн.
Самаранч хүнд өвчтэй эхнэр рүүгээ буцан явсан боловч түүнийг ирэхэд эхнэр нь хэдийн өнгөрсөн байлаа. Самаранч Сидней рүү дөрөв хоногийн дараа буцжээ. Энэ хугацаанд Самаранчийн эхнэрийг хүндэтгэсний тэмдэг болгон Олимпын далбааг хагас мандуулсан юм.
Канадын Саймон Витфийлд эрэгтэйчүүдийн гурван төрөлтөд сүүлийн зуун метрт бусдаасаа тасран гүйж, Олимпын тоглолтын гайхамшигтай ялалтуудын нэгийг авчрав.
Дугуйн уралдаанд Германы тамирчин Роберт Бартко Олимпын шинэ рекорд тогтоосон бол Нидерландын Леонтиен Зийлаард-ван Моорсел эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн рекорд тогтоолоо.
Усан санд Америкийн Том Долан 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд дэлхийн рекордыг эвдэж, дөрвөн жилийн өмнө Атлантад хүртсэн аваргын титмээ амжилттай хамгаалав. Голланд эмэгтэй Инге де Бруийн 100 м-ийн далайн гахай сэлэлтэд өөрийн рекордоо нэгээс илүү секундээр ахиулж дэлхийн шинэ рекорд тогтоолоо.
Австраличуудын хувьд Олимпын тоглолтын энэ өдрийн гол тэмцээн нь 200 м-ийн чөлөөт сэлэлт байв. Голланд эр Пийтер ван ден Хоогенбанд хагас шигшээ тэмцээнд дэлхийн рекордыг эвдэж, Австралийн шинэ баатар Ян Торпоос түрүүлэв. Шигшээ уралдаанд голланд эр хагас шигшээд сэлсэн хугацаагаа давтаж, Торпоос даруй хагас секундын өмнө барианд орлоо.
Зийлаард-ван Моорсел дугуйн хагас шигшээ уралдаанд дэлхийн рекорд тогтоосныхоо дараа шигшээ уралдаанд алтан медаль хүртжээ.
Залагчгүй дөрвөн сэлүүрт завины уралдаанд Их Британи түрүүлснээр тус багийн гишүүн Стийв Рэдгрэйв таван олимп дараалан алтан медаль хүртлээ.
4 x 100 м-ийн буухиа холимог сэлэлтийн төрөлд АНУ-ын Б.Ж. Бэдфорд, Меган Квонн, Жэнни Томпсон, Дара Торрес нар дэлхийн шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ.
Сонгодог бөхийн хамгийн хүнд жинд АНУ-ын Их дээд сургуулиудын ч аварга болж байгаагүй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг ч медаль хүртэж байгаагүй Рулон Гарднер Оросын Александер Карелиныг ялж алтан медаль авав. Карелин 1988, 1992, 1996 оны Олимпын тоглолтуудад дараалан алтан медаль хүртэж байсан. Энэ барилдаанаас өмнө Карелин олон улсын чанартай нэг ч тэмцээнд нэг ч ялагдаж байгаагүй бөгөөд 13 жилийн турш босоо байсан, арван жилийн турш өрсөлдөгчдөө ганц ч оноо алдаж байгаагүй ялагдашгүй тамирчин байлаа.
Австралийн Кэти Фрийман 400 м-ийн шигшээ уралдаанд түрүүлж, Ямайкын Лоррэйн Грэхэм, Их Британийн Катарин Мерри нарын урд барианд орлоо. Фрийман ийнхүү түрүүлснээр Олимпын түүхэнд анх удаа Олимпын бамбар асаасан тамирчин алтан медаль хүртсэн тохиолдол боллоо.
Канадын Ерөнхий сайд агсан Пьер Трудо нас барсантай холбогдуулан Канадын тамирчид хүндэтгэл илэрхийлэн Олимпын тосгонд Канадын далбааг хагас мандууллаа (Цагийн зөрөөнөөс шалтгаалан Трудог нас барахад Сиднейд есдүгээр сарын 29 болсон байв). Олимпын үлдсэн өдрүүдэд Канадын далбааг хагас мандуулсан.
Камерун эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод Испанийн багийг хожиж түүхэндээ анх удаа алтан медаль авлаа. Тоглолтын хувь заяа үндсэн болон нэмэлт цаг дууссаны дараа торгуулийн цохилтоор шийдэгдсэн юм.
Хаалтын ажиллагаа Кристин Ану өөрийн хит дуу болох "Island Home"-ээ дуулснаар эхлэв. Тэрбээр цэнгэлдэх хүрээлэнгийн голд уугуул үндэстний бүжигчдийн хамт дуугаа дуулсан бөгөөд эргэн тойрон нь хэдэн зуун шүхэр, дэнлүү барьсан хүүхдүүд уугуул үндэстний зүүдний цагийн дүрсийг үүсгэж байв.
Хуан Антонио Самаранч хаалтын үг хэлж, тус Олимпыг урьд хожид байгаагүй шилдэг Олимп болсныг тэмдэглэн хэлэв.
Олимпын сүлд дууг сопрано хоолойт Айвонн Кэнни дуулсан. Тус ёслолын ажиллагаанд мөн Жимми Барнс, INXS, Миднайт Ойл, Кайли Минөүг, Слим Дасти, Кристин Ану, Ники Вэбстэр, Жон Пол Янг, Мэн эт Вөрк, Мельбурны дуучин Ванесса Аморози, Томми Эммануэл, поп хослол Савиж Гарден зэрэг хамтлаг дуучид оролцсон.
Тоглолтыг дараагийн Олимпын хот болох Афинд шилжүүлэх ёслол болж, Сиднейн боомт дээгүүр асар том салют буудан өндөрлөв.
Афины олимпоос медаль хүртсэн улс орнууд | ||||||
---|---|---|---|---|---|---|
Байр | Улс | алт | мөнгө | хүрэл | нийт | |
1 | Америкийн Нэгдсэн Улс | 36 | 24 | 31 | 91 | |
2 | Орос | 32 | 28 | 28 | 88 | |
3 | Хятад | 28 | 16 | 15 | 59 | |
4 | Австрали | 16 | 25 | 17 | 58 | |
5 | Герман | 13 | 17 | 26 | 56 | |
6 | Франц | 13 | 14 | 11 | 38 | |
7 | Итали | 13 | 8 | 13 | 34 | |
8 | Нидерланд | 12 | 9 | 4 | 25 | |
9 | Куба | 11 | 11 | 7 | 29 | |
10 | Их Британи | 11 | 10 | 7 | 28 | |
Бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү. |
2007 онд АНУ-ын гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн алдарт тамирчин Марион Жөүнс тетрагидрогестринон хэмээх хориотой бодисыг 2000 оны есдүгээр сараас эхлэн 2001 оны долоодугаар сар хүртэл хэрэглэснээ хүлээснээр энэ олимпоос авсан бүх медалиа хураалгав. ОУОХ Жөүнс болон түүний буухиа гүйлтийн багийн гишүүдийн 5 медалийг хураасан. Түүнчлэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Жөүнсийг хоёр жилийн турш тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.
АНУ-ын эрэгтэй 4x400 м-ийн буухиа гүйлтийн багийн гишүүн Антонио Пэттигрю хориотой бодис хэрэглэснээ хүлээсний дараа 2008 оны наймдугаар сарын 2-нд Олон Улсын Олимпын Хороо АНУ-ын багийн алтан медалийг хураав. Шигшээ гүйлтэд оролцсон АНУ-ын багийн дөрвөн гишүүний гурав нь тухайлбал Пэттигрю болон ихэр тамирчид болох Алвин Харрисон, Калвин Харрисон нар болон, урьдчилсан шатны гүйгч Жиром Янг нар бүгд хүч чадал сайжруулах бэлдмэл хэрэглэснээ хүлээсэн буюу ийм бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрчээ. Зөвхөн урьдчилсан шатанд гүйсэн Анжело Тэйлор болон дэлхийн рекорд эзэмшигч Майкл Жонсон нар л энэ асуудалд холбогдоогүй байна. Энэ медаль нь Жонсоны хувьд тав дахь алтан медаль байсан бөгөөд тэрбээр Пэттигрюгийн мэдүүлгийг сонсоод мэхлэгдэж, араараа тавиулж, урам хугарсан тул энэ медалийг эргүүлж өгөх гэж байсан хэмээн мэдэгдэв. Энэ тэмцээний алтан медалийн эзэн одоо ч тодроогүй л байна.
Том лого нь Сиднейн Опера Хаусын (дуурийн театр) дүрсийг агуулсан бол албан ёсны лого нь гүйж буй гүйлтийн тамирчны дүрсийг харуулсан.
2000 оны Зуны Олимпын наадмын албан ёсны бэлгэдлүүд нь:
1991 оны эцэс хүртэл, Австрали 1, 2 центийн зоос хэрэглэж байсан.
1992 онд эдгээр зоосыг гүйлгээнээс гаргаж эхэлжээ. Хүмүүсийг эдгээр зоосоо гүйлгээнд хэрэглэдэг зоосоор сольж авахыг уриалсан байна.
Хураан авсан 1, 2 центийн зоосуудаа хайлуулж, 2000 оны Олимпын тоглолтод зориулж хүрэл медалиуд хийжээ.
2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпод 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртэж чадаагүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгигсдын эгнээнд багтжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Сиднейн олимп, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.