Сэцэн хан аймаг нь Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын дунд хөвгүүн Аминдуралын ахмад хүү Шолой хан Төвдийн V Далай ламаас Махасамади Гэгээн Сэцэн хан хэмээх цол хүртсэнээс хойш 1600-аад оны эхээр түүний эзэмшил нутаг болох одоогийн Монгол улсын Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн нутаг болон ОХУ-ын Чита, БНХАУ-ын Хөлөн нуур орчмын нутгуудыг Сэцэн ханы аймаг хэмээн нэрийдэж байсан юм.
Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 4-р хүү Амин дурал (1536-?)-д хүрээ хороо, цоохор; 5-р хүү Дара (1540-?)-д хөхүйд, хатагин отгууд оногджээ. Дара үргүй өнгөрсөн тул түүний эзэмшил отгууд Аминд шилжжээ. Амины хоёрдугаар хөвгүүн Моору буйма Хэрлэн голын савд нутаглаж байсан агаад түүний үр хойчис ч Хэрлэн голын саваар төвлөн, Халхын дорнод хэсгийг эзэмшиж байжээ. Моору буймагийн хөвгүүн Шолойг 1620-оод оны үед Халхад нүүдэллэн ирсэн өвөрлөгч ноёд “хан” цол өргөснөөр Ар Халхад 3 хан буй болов. Шолойн Сэцэн хан цолыг Бабу, Норов, Илдэнравдан нар тус тус залгамжилжээ.
Тэд Сэцэн хан хэмээх цол зүүж, харьцангуй нэгдмэл байдлаа хэвээр хадгалсаар байсан явдал нь хожим Манжийн эрхшээлийн үед Сэцэн хан аймаг хэмээх бие даасан аймаг бий болох үндэс суурь нь болжээ. Манжийн эрхшээлд орох хүртэл Халхын хангуудын дотроос ганцхан Сэцэн ханыхан л “Сэцэн хан” гэдэг цол чимгийг тууштай хэрэглэсээр байв.
Халх Манжийн эрхшээлд орсны дараа 1691 оноос Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Сэцэн хан аймаг байв. 1692 онд Халхын аймгуудыг гурван зам болгон хуваахад Сэцэн хан аймгийн хошууд нь Халхын зүүн зам хэмээн нэрлэгджээ. Манжид дагаар орохоос өмнө тус аймаг нь бие даасан шинжтэй, Халхын зүүн гарт багтаж, дотроо 2-3 хошуутай байсан бол 1921 он болж ирэхэд 25 хошуу, 2 шавь отогтой болсон байдаг. Тус аймгийн ноёд "Хэрлэн Барс хотод чуулган" нийлдэг байв. Манжийн үед хошуу нь сум, хондого, хөмжлага гэж задрах болсон.
Аймгийн нутаг нь зүүнтэйд Эрдэнэ толгой, баруун этгээдэд Цагаан чулуут, өмнө этгээдэд Тархун цайдам, умар этгээдэд Ундурхан хүрдэг байсан ажээ. Халхын Сэцэн хан аймагт одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн зүүн талын сумд /Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Баян сум/, Дорноговь аймгийн хойд талын сумд /Их хэт, Даланжаргалан, Дэлгэрэх сум/, Дундговь аймгийн зүүн талын /Цагаандэлгэр, Говь-Угтаал/ сумдын газар нутаг харьяалагддаг байсан.
Сэцэн хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 286.160 ам дөрвөлжин км, нутгийн урт 960 км, өргөн нь 480 км.
Манжийн эрхшээлийн үед тус аймаг 23 хошуутай байв. Түүнээс гадна Егүзэр хутагт шавь багтаж байжээ. Богд хаант Монгол улсын үед Хуучит ван, Манлай ван, Бишрэлт бэйлийн 3 хошуу, Ялгуусан хутагтын шавь нэмэгдсэнээр нийт 28 хошуутай болжээ. Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Хан Хэнтий уулын аймаг гэж нэрлэжээ.
1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Хан Хэнтий уулын аймгийн суурин дээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Түүнчлэн Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн багавтар хэсэг нь угтаа тус аймгаас салбарлан гарсан ажээ.
Сэцэн хан аймаг нь худалдаа арилжаа, тээвэр хөгжсөн, аян жин тээх зөөх ажил ихтэй. Мөн аймаг нь Сэй бэйсийн хүрээ, Сэцэн ханы хүрээ, Бэрээвин хийд, зүүн, баруун Чойр зэрэг хэд хэдэн том хүрээ хийдтэй, орос, хятад худалдаачид олноор суурьшиж худалдаа хийдэг газар байв.
Аймгийн чуулганы даргын тушаал хүлээж байсан ноёд:
This article uses material from the Wikipedia Монгол article Сэцэн хан аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.