Засагт хан аймаг нь Халхын баруун гарт үндэслэж байгуулагдсан бөгөөд Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол улсын үед оршин байсан Халх Монголын 4 аймгийн нэг юм.
Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн дараа түүний хатан Хатунгай Халхыг 7 хүүдээ хуваан өгөхдөө, ахмад хүү Ашихай дархан хун тайж, дэд хүү Ноёндой хатан баатар, зургадугаар хүү Далдан хүндлэн, отгон хүү Саму Буйма нарт Халхын баруун гарыг хуваан захируулжээ. Ахмад хөвүүд эхлэн Баруун гарыг захируулсан нь баруунш нутаг тэлэхэд нас өсгөвөрийг тооцсон бололтой. XVII зууны эхээр Ашихайн ач Лайхур Халхын баруун гарын даргач болж, “хан” гэгдэх болжээ. Баруун гар "хан"-тай болсон тул Хаан, Жонон, Хунтайжийн мэдэлд гурван гол отог болгож зохицуулсан бололтой. Түүний дараа залгамжилсан хөвгүүн Субадай “Богд Засагт хан” гэж өргөмжлөгджээ. Засагт ханыг Норов, Ванчиг, Цэнгүн, Шар нар үе хан цолыг залгамжлан суужээ.
1691 оноос Манжийн эрхшээлд Халх орсны дараа Халхын уг байдалд үндэслэн 3 аймгийг албан ёсоор байгуулсны нэг нь Засагт хан аймаг юм. 1692 онд Халхын аймгуудыг гурван зам болгон хуваахад Засагт хан аймгийн хошууд нь Халхын өрнө зам хэмээн нэрлэгджээ. Тус аймагт урьдны Халхын баруун гарт багтаж байсан хошуудыг захируулсан ажээ. Засагт хан аймгийн анхны тэргүүн нь Ашихайн удмын чин ван Цэвээнжав байгаад удалгүй Ноёнтойн удмын Гэлэг-ямпилд шилжүүлжээ. Тус аймгийн нутагт эхлээд Манж нар тэргүүлсэн "Түйн гол, Булганы чуулган" гэж хуралдаж байгаад удалгүй аймаг өөрийн "Заг голын эх Бидэръяа нуурын чуулган"-ыг байгуулжээ.
Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэжээ.
Аймгийн эртний нутаг нь зүүн тийш Онги, Шаргалжуут, баруун тийш Хар ус, Элсэн нуур, өмнөт тал нь Арцын хар тохой, умар тал нь Түйн гол хүрдэг байжээ. Газарзүйн энэ баримжааг авч үзэхдээ, зүүн өмнө зүгийг уламжилалт өмнө зүг хэмээн үзсэнээр ойлгох учиртай. Манжийн үеийн Засагт ханы нутаг нь хуучнаас зүүн талдаа өөрчлөгдсөн бөгөөд тус аймагт өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг бүхлээрээ, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын нутгийн хагас, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн зарим сумдын газар нутаг багтаж байв.
Дэл элс, Монгол элс, Бага нуурын өмнөд элс зэрэг 150-200 гаруй км үргэлжилсэн их элснүүд оршин бөгөөд алдарт Хүйс, Шаргын говиуд энэ аймгийн нутагт багтаж байв.
Засагт хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 288.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 1080 км, өргөн нь 240-540 км.
Эхэн үедээ Халхын долоон хошууны баруун гарт дөрвөн отогт хошуу багтаж байгаад 1590-ээд оноос Лайхур анх хан болоход хан, жонон, хунтайжийн гурван отог болжээ. Энэ үеийн Халхын үйсэн цаазад Зүүн, Баруун гарыг "зургаан хошуу" гэж байсны учир үүнтэй холбоотой. Үүнийг бас "Манай баруун этгээдэд Лайхур хаан, Жалайрын Убаши тайж, Бэсүүдийн Сэцэн жонон нар, зүүн этгээдэд Очирай хаан, Цогт тайж, Далай жонон бүлгээ"[баримт хэрэгтэй] гэж тодорхойлсон Чахундорж хааны үг (1686 он) бий. Ийнхүү гурван отог хошуу болсон Халхын баруун гар удалгүй 1610-аад оноос дотооддоо долоон хошуу болжээ. Ингэж явсаар 1691 онд Манжид дагаар орсноос хойш хэд дахин хуваагдаж 1755 онд Хойтын 1 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. 1911 онд аймаг 19 хошуу, 3 тамгатай хутагтын шавьтай байв. Гомбожавын зургадугаар үеийн ач Дашцэрэнд 1912 онд Монгол улсын Жавзандамба хутагт Богд хаан Итгэмжит засаг цол хүртээж тусгай засаг хошуу болгон Засагт хан аймагт захируулжээ.
1932 онд дахин засаг захиргааны шинэчлэлт хийгээд Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт хуваасан. Эдүгээ 2015 оны байдлаар Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймаг, Баянхонгор, Увс, Ховд аймгуудын зарим сумд болсон байна.
This article uses material from the Wikipedia Монгол article Засагт хан аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.