Түшээт хан аймаг нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед оршин байсан Халх Монголын 4 аймгийн нэг юм.
Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 3-р хүү Онохуй Үйзэн ноён (1534-?) горлос, хэрэгүд (гэрүүд) отгийг өвлөн авчээ. 1580-аад оны үеэс Онохуйн ахмад хөвгүүн Абтай хүчирхэгжиж Ойрадыг дагуулж хаан хэмээгдсэнээр Халхын ноёдын дотор хамгийн түрүүн “хан” цолтон бий болов. Түвэдийн 3-р Далай ламаас Автайн хаан цолыг “Очир сайн хан” хэмээн өргөв. Абтайн дэд хөвгүүн Эриехэй түүний “хан” цолыг залгамжилж, “Эрхий Мэргэн хан” гэгдэж байв. Түүний дараа Эриехэйн хөвгүүн Гомбодорж “Түшээт хан”, ач Чахундорж нар “Очирай Түшээт хан” гэдэг цолтойгоор Халхын зүүн гарын нэгэн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан нь хожим Түшээт хан аймаг байгуулагдах үндсийг тавьжээ.
Салан тусгаарласан Ойрадын довтолгоонд өртөж дүрвэсэн Халхын гурван хан 1691 онд Долоон нуурын чуулганаар Манжид дагаар орсон. Халх Манжийн эрхшээлд орсны дараа Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Түшээт хан аймаг байв. 1725 онд зарим хошууг таслан өгч Сайн ноён хан аймгийг байгуулсан. Тус аймгийн ноёд 1728 оноос хойш 3 жил тутам нэгэн удаа цугларч хуралддаг нь "Хан уулын чуулган" гэдэг байв.
Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Богд Хан уулын аймаг гэж нэрлэжээ.
Түшээт хан аймаг нь хойд талаараа Орос улстай шууд хиллэдэг. Түшээт хан аймгийн нутаг нь зүүнтэйд Хэнтийн нуруу, баруун этгээдэд Онги гол, өмнө этгээдэд Их говь, умар этгээдэд Цөх голд тус тус хүрдэг байжээ. Сэлэнгэ мөрний Монгол дахь хэсгийн ихэнх нь Орхон гол бараг бүтнээрээ, Туул, Хараа, Ерөө, Шарын голууд, Эгийн голын адаг хавь энэ аймагт хамаарна.
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 422.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 900 км өргөн нь 249-619 км.
Халх Манжийн эрхшээлд орсны дараа 1691 оноос Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Түшээт хан аймаг юм. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошууг нь тусгаарлан Сайн ноён аймгийг байгуулсан. 1725-1912 оны хооронд 20 хошуутай байв. Богд хаант Монгол улсын үед Илийн Цахарын Сумьяагийн хошуу нэмэгдсэнээр нийт 21 хошуутай болжээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах шинэчлэл өөрчлөлтийн нэгэн болсон засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр 1923-1931 оны хооронд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Богд хан уулын аймаг гэж нэрлэжээ. 1931 оны 3-р сард энэ аймгийн хошуудаас Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь аймгууд байгуулагдаж дараа нь 1938 онд Булган, 1942 онд Дундговь, 1994 онд Дархан-Уул, Орхон аймгийг тус тус байгуулжээ.
Түшээт хан аймагт Монгол улсын төв, Халхын жавзандамба хутагтын Их Хүрээ, Хийгт хот зэрэг худалдаа арилжааны томхон төвүүд оршдог, худалдаа арилжаа их дэлгэрсэн, гадаадын жуулчин эрдэмтэн олноор ирдэг нутаг байв. Мөн эртний Монголын нийслэл Хархорин хот, Монгол анхны хийд Эрдэнэзуу, Амарбаягалант хийд энэ аймагт бий.
1918 оны тоо бүртгэлээр Түшээт хан аймаг 20828 өрх, 100,1 мянган хүн амтай байв.
This article uses material from the Wikipedia Монгол article Түшээт хан аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.