Сайн ноён хан аймаг (1911-1924) нь 1725 онд Манжийн хааны зарлигаар Түмэнхэн Сайн ноёны угсааны Дашдаваа ноёнд их шан хүртээн, Засагт хан аймгийн зүүн урд хэсэг, Түшээт хан аймгийн баруун хэсгээс таслан өгч, Халхын зүүн гарын хүн амаас 20 гаруй хошуу үүсгэн анх байгуулжээ.
Халхын бүтцэд Сайн ноён аймаг шинээр бий болсон нь хил хязгаар, нутаг бэлчээрийн хуваарьт ихээхэн өөрчлөлт оруулжээ. 1725-1911 он хүртэл Сайн ноёны аймаг гэж нэрлэж явсаар 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар бусад гурван ханы адил Хан цол олгоод 1924 он хүртэл Сайн ноён ханы аймаг гэж нэрлэх болсон билээ.
Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 3-р хүү Онохуй Үйзэн ноён (1534-?) горлос, хэрэгүд (гэрүүд) отгийг өвлөн авчээ. 1580-аад оны үеэс Онохуйн 4-р хөвгүүн Түмэнхэн (1558-1640) шарын шашныг хамгаалахад хүчин зүтгэсэн тул Далай ламаас “Сайн ноён” цол хүртжээ. Түмэнхэнийг хөвгүүн Данзан лам нь залгамжилж Халхын 8 засгийн нэг гэгдэж байв. Данзан ламын дараа түүний хөвгүүн Тасхив, ач Шамба, жич Дашдондов нар удаа дараалан залгамжилсан хэдий ч тэдний хэн нь ч “Сайн ноён” гэдэг цолтой байгаагүй ажээ.
1725 онд Манжийн Найралт Төв хаан Халхын 3 аймгийг 75 хошуу бүхий 4 аймаг болгож, Данзан ламын жич хүү Хошой чин ван Дашдондовт хан цол олгож, Түшээт хан аймгаас 19 хошууг салгаж Сайн ноён аймгийг байгуулжээ. Энэ нь Монголыг бутарган жижигрүүлэх бодлогын үр дүн байсан агаад ингэхдээ Халхын 3 ханаас дутуугүй нэр нөлөөтэй байсан Түмэнхэн Сайн ноёны нэр сүрийг ашиглажээ. Гэвч Түмэнхэний тамгыг барьж, түүний хошууг үе залгамжлан захирсан Дашдондовт тус аймгийг мэдэх эрх мэдэл өгөөгүй. Тус аймгийн ноёд "Цэцэрлэгийн чуулган" нийлдэг байв.
1766 онд Дашдондовын ач Норовжавт “Сайн ноён” цол, тамга олгосноор, түүний угсааныхан тус цолыг үе улиран залгамжлах болжээ. 1911 онд Сайн ноён Намнансүрэнд Богд хааны зарлигаар “хан” цол олгосноор, 1912 оноос эхлэн тус аймгийг Сайн ноён хан аймаг гэж нэрлэх болжээ.
Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг "Цэцэрлэг Мандал уулын аймаг" гэж нэрлэжээ.
Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 224.256 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 810 км, өргөн нь 210-510 км. Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр нь хойд талаараа Далайчонхор вангийн хошуу буюу өнөөгийн Архангайн хойд, Хөвсгөлийн урд талын сумд, өмнө талаараа Ёст бэйлийн хошуу буюу өнөөгийн Өмнөговь аймгийн Булган, Буяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс, баруун талаараа Завханы зарим сум, Баянхонгорын Богд, Жинст, Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт, Галуут сум хамрагдаж байжээ.
1725 онд Түмэнхэн Сайн ноёны үр хойчсын албат харьяат нар ихэд өсөж, Халхын 3 аймгийн хүн амаас илүү олон болсон учир Түшээт хан аймгаас 19 хошууг салгаж, улмаар Засагт ханаас Хангайн өвөр нутгийг авч Сайн ноён аймгийг байгуулжээ. 1761 онд Өөлдийн 2 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. Манжийн эрхшээлийн үед Сайн ноён аймаг 24 хошуу, 8 хутагтын шавьтай байв. Богд хаант Монгол улсын үед Хатанбаатар Магсаржавын хошууг нэмж байгуулж, нийт 25 хошуу, 8 тамагтай хутагтын шавьтай байжээ. 1922 онд Итгэмжит засгийн хошуунаас Хатанбаатар хошуунд нэгтгэж өгөхийг хүссэнд ёсоор болгож.
1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус аймгийн суурин дээр Архангай, Өвөрхангай аймгийг, 1942 онд Баянхонгор аймгийг тус тус байгуулжээ. Мөн Сайн ноён аймгийн зарим хошуу Завхан, Хөвсгөл, Өмнөговь аймагт багтан оржээ.
1918 оны тоо бүртгэлээр Сайн ноён хан аймаг 30619 өрх, 133,8 мянган хүн амтай байв.[баримт хэрэгтэй]
This article uses material from the Wikipedia Монгол article Сайн ноён хан аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.