Нурхач (1559–1626; 67 насалсан) нь Хожуу Алтан улсыг 1616 онд байгуулсан хаан, зүрчид хүн байв.
Нурхач нь Алтан улсыг мөхснөөс 380 гаруй жилийн дараа зүрчидийг дахин нэгтгэж, нэгдсэн улс байгуулж, Мин улсын ноёрхолоос өөрийн улс үндэстэнийг ангижруулж, Ляодунгийн хойгийг эзлэн авчээ. Тэрбээр манж бичиг үсэг, Найман хошууны хууль дүрэм, төр улсын хууль дүрэм зэргийг бүтээсэн нь Манж Дайчин гүрнийг мандан бадрахын суурийг тавьж өгсөн юм.
Тэнгэрийн сүлдэт | |
---|---|
Хожуу Алтан улсын хаан | |
Хаанчлал | 1616.02.17 – 1626.09.30 (10 жил, 1-р хаан) |
Төрсөн огноо | 1559 оны 2 сарын 21 |
Өнгөрсөн огноо | 1626 оны 9 сарын 30 (67 насалсан) |
Өнгөрсөн газар | Ляодун, Нинъюань |
Оршуулсан | Мүгдэнгийн зүүн бунхан |
Өмнөх | — |
Удаах | Дээд эрдэмт |
Их хатан | 16 хатан, татвар |
Хүүхэд | 16 хүү, 8 охин |
Эцэг | Такси |
Эх | Хитара овогт |
Ургийн овог | Айсингиоро |
Оны цол | манж: Абка-и фулинга монгол: Тэнгэрийн сүлдэт Тэнгэрийн бошигт хятад: Тяньминь |
Төрсөн нэр нь Нургачи (ᠨᡠᡵᡤᠠᠴᡳ; Nurgaci). Айсингиоро овогтон. Монголчууд Нурхач баатар, Хүндлэлт хаан гэж нэрлэж байсан. 1605-1606 оны үед Баяуд отгийн ноён Энгэдэр таван отог Өвөр Халхын элчийг толгойлон, Нурхачийн ордонд дараалан очиж адуу, тэмээ бэлэглэн түүнийг Хүндлэн хаан хэмээх болов. 1616 онд Алтан улсыг байгуулахдаа хятадын оны цолыг хэрэглэх уламжлалаар манжаар Абка-и фулинга (манж: ᠠᠪᡴᠠᡳ
ᡶ᠋ᡠᠯᡳ᠍ᡢᡤᠠ, abkai fulingga) хятадаар Тяньминь (хятад: 天命, Tiānmìng), монголоор Тэнгэрийн сүлдэт хэмээх цолыг хэрэглэж байв. Түүнийг таалал төгссөний дараа сүмийн цол нь хятадаар Тайзү (хятад: 太祖, Tàizǔ) гэх болов.
Түүний дээд өвөг нь Мэнтэмү гэж байсан. Нурхач 1559 онд Суксуху голын эрэгт Жяньжоу зүрчидийн толгойлогч Гиоро овогт Таксигийн ахмад хүү болон төржээ. Эх нь хитара овогт Агугийн охин байв. Нурхач доороо Шурхач, Мурхач, Ярхач, Баяра зэрэг дүүтэй. 1582 онд эцэг нь Гурэд байхдаа сөргөлдөгч аймгийн Ли Чөнлян, Никан Вайлан ноёнд алагдсны дараагаас Нурхач өөрөө цэрэг цуглуулж, хүчээ бэхжүүлж, 1584-1587 онд Ли Чөнлян, Никан Вайлан нарыг довтлон ялж өш хонзонгоо авсан.
1593 онд ехэ, хада, ула, хойфа, хорчин, жүсэри, шибэ, гувалца, нэен овог аймгууд холбоолон Гүрэ (одоогийн Шиньбинь) гэсэн газар тулалдаад Нурхач баатрыг дийлээгүй. Нурхач 1599-1618 оны хооронд хада, хойфа, хөлөн, ула зэрэг овгуудыг өөрийн харьяанд оруулжээ.
1616 онд Хэту Ала хотод Нурхач биеэ хаанд өргөмжилж, зүрчидийн газарт Айшин гүрүн буюу монголоор Алтан улс (хятадаар:金國) хэмээх улс байгуулсныг манж хятадын хожмын түүхчид манж хэлээр Амага Айшин гүрүн (ᠠᠮᠠᡤᠠ
ᠠᡳ᠌ᠰᡳᠨ
ᡤᡠᡵᡠᠨ, хятад хэлээр Hòu jīn guó 後金國) гэж нэрлэх болсон нь 1115-1234 онд оршиж байсан Алтан улсаас ялгахын тулд Хожуу Алтан улс гэж бичих болсон. Нурхач баатар манжийн найман хошуу цэрэг зохион байгуулж 1618 онд Мин улстай байлдах долоон өшийг ил зарласан. 1621 онд Ляоян, Шэньян хотуудыг эзэлж, 1625 онд Шэньян хотыг Мүгдэн хэмээн нэрлэж, шинэ нийслэл хотоо болгожээ. Нурхач нь улс байгуулахад гавъяа байгуулсан хүмүүсээс Аньфиянгу, Эйду, Хурхан, Фиондон, Хохори нарын таван ноёдыг онцгойлж таван сайд болгож байв.
1599 онд Эрдэнэ багш, Дахай заргач нараар монгол үсэгт суурилан манж үсэг зохиолгосон. 1606 онд монголчууд түүнийг Хүндлэлт хаан хэмээжээ. Нурхач монголчуудыг цэрэг дайнаар сүрдүүлж, эд мөнгөөр урвуулан татаж байсан ба хорчиныг өөртөө дагуулжээ. Хоёр янз хандаж байв. Түрүү нь "Хятад, солонгос хэл өөр боловч амьдрах маяг нь ижил байдаг. Манж, монгол хоёр бас ийм. Бидний хэл өөр боловч, бидний хувцас, амьдрах маяг ижил билээ" гэсэн бол хожим "Танай монгол мал өсгөж, мах иднэ. Миний ард ургац харж амьдарна. Бид нэг газрынх биш, бид нэг хэлтэн биш" хэмээжээ.
1626 онд 67 насандаа Нурхач баатар Нинъюань цайзыг бүслэн байлдаж байхдаа Мингийн их буунд шархдан нас барчээ. Түүний хаан орыг 8-р агь Дээд эрдэмт залгаж, 1634 онд Өвөр Монголыг эзлэн, 1636 онд Мүгдэн хотод болсон чуулганаар улсын цолыг Чин, үндэстэний нэрийг Манж хэмээн сольжээ. Нурхач баатар үр хойчдоо найман хошуу цэргийн зохион байгуулалтыг үлдээсэн. Сүүлийн жилүүддээ хоёр шар хошууг Нурхач өөрөө, хоёр хөх хошууг Шурхач дүү нь, хөвөөт цагаан хошууг ахмад хүү Чүен, шулуун цагаан хошууг хүү Хун тайж, улаан хошууг хоёрдугаар хүү Дайшан эзэн мэдэж байв.
Гэнэт нас барсан болохоор гэрээс бичсэн баримт байхгүй. Дайшан, Амин (Шурхач дүүгийн хүү), Мангултай, Хун тайж дөрвийг дөрвөн ахмад бэйл гэж байсан ба тэд Нурхач баатрыг үхэхэд Абахай хатныг буруутган амийг нь хорлуулжээ. Абахай хатны хүү Ажигэ, Доргон, Додо нар нас бага ч бас боломж байсан гэдэг. Дайшан ахмад нь боловч Хун тайж дүүг дэмжиж хаан болгосон.
Хатан, татварын тоо – 16.
Өмнөх — | Хожуу Алтан улсын хаан 1616—1626 он | Дараах Хун тайж |
This article uses material from the Wikipedia Монгол article Нурхач, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.