Дондогийн Цэвэгмид — (1915 оны 3 дугаар сарны 26-нд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн- 1991 онд Улаанбаатарт нас баржээ)- 1942 онд БНМАУ-ын анхны гавьяат багш, АИХ-ын дарга, дипломатч, зохиолч.
Дондогийн Цэвэгмид | |
---|---|
Төрсөн: | 1915 Дорнод аймгийн Баяндун сум |
Өнгөрсөн: | 1991 |
Ажил үйл | Хэл шинжээч |
Улс орон | Монгол улс |
Төрөл | Шүлэг, Өгүүллэг, Үргэлжилсэн үг, Тууж |
Шагнал | Гавьяат багш. |
Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Мойлт гэдэг газар ард Дондогийн хоёр дахь хүү болж төржээ. Арван настайдаа Улзын хошууны бага сургуульд 1925 онд орж 1928 онд төгсч, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургуульд хоёр жил суралцаад 1930 онд нийслэлд байгуулсан "Хар бологсдын бэлтгэл сургууль"-д түмэн бодисын багш болж сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн байна. 1932 оны 10-р сард нийслэл хотод бичиг үсгийн курст багшаар томилогдон дахин нэг жил болоод байтал 1933 оны 7-р сард Улаанбаатар хотын Рабфакийн бэлтгэл сургуульд шилжүүлсэн. Тэрхүү сургуульд багш, захирлаар ажиллаж байтал 1935 оны 8-р сард яамны шийдвэр гарч, эх орны алс зүүн хязгаар буюу Дорнод аймгийн төвийн дунд сургуульд багшлуулахаар илгээсэн. Тэрхүү сургуульд нэг жил ажиллаад байтал төвөөс шийдвэр ирсэн хэмээн гэнэт дуудаж, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуульд ажиллуулах болов. Ийнхүү үлгэр жишээ дунд ба багш нарыг бэлтгэх сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр 6 жил ажиллаад байтал 1942 онд МУИС үүд хаалгаа нээхэд нь лаборантаар шилжиж ажиллав. МУИС-ийн зоологийн кафедрын лаборантаар хэдэн жил ажиллахдаа оюутны хичээлд завчлан суусаар их сургуулийн программт сургалтыг үндсэндээ олж авчээ.
Биологийн шинжлэх ухааныг эртнээс сонирхож Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ургамал судлал”, “Амьдралын үүсэл”, “Хүний үүсэл” номуудыг орос хэлнээс орчуулж, МУИС-д лаборант байхдаа Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Э.М.Мурзаев, А.Г.Банников, А.А.Юнатов нарыг дагаж судалгааны ажлаар Монгол нутгаараа аялж амьтан, ургамлын талаар ихийг мэдэж, судалгаа шинжилгээний арга барилтай танилцсан нь цаашдын эрдэм судлалын ажилд нь их суурь дэвсгэр болсон байна.
Гадаад явдалын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж (бүрэлдэхүүнд нь Халхгол сумын харъяат, дипломатч Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин чармайлт гаргаж БНМАУ-ыг 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр элсүүлхэд гар бие оролцож НҮБ-ын индэр дээрээс үг хэлжээ.
Тухайн үед Гадаад Харилцааны Яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх байсан, ахмад дипломатч зохиолч Чойбалсан сумын харъяат Дамдины Бямбаа бичихдээ:
“Д.Цэвэгмид 1962 оны 6 дугаар сараас 1967 оны 08 дугаар сарыг дуустал БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашжээ. Дипломатчаар дагнан хаасан энэ 7 жилийн үйл явдлыг Гадаад Харилцааны Яамны архиваас үзэж зарим зүйлийг тодруулахыг миний бие оролдсон билээ. ГЯЯ-ны 1 дүгээр орлогч сайд, Элчин сайдын гарын үсэг бүхий 1200 гаруй ярианы тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, танилцуулах мэдээ, илтгэх хуудас, түүний оролцоотойгоор гарсан Засгийн газрын болон ГЯЯ-ны тэмдэглэл нот бичиг меморандум, санамж хуудас зэрэг дипломат баримт бичиг, олон арван гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ” гэсэн байдаг. Энэ нь түүний дипломат албанд зүтгэсэн нэгэн хугацааны ажлын тайлангийн товч гэж үзэж болно.
Д. Цэвэгмид Шинэ үеийн уран зохиолын тулгыг тулалцаж,
Мөн орос хэлнээс нэлээд бүтээлүүдийг орчyyлжээ.
Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ
Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ
Эр хүний мөрөн дээр
Элдвийг үзсэн толгой бий
Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ
Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ
гэж өөрийнхөө амьдралын замыг зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хошигножээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Дондогийн Цэвэгмид, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.