Ихирэс (монгол бичиг: ᠢᠬᠢᠷᠡᠰ, кирилл: Ихирэс) нь монголын эртний овог аймгийн нэг юм.
Энэ овгийн үүсэл гарал нь Байгал нуурын хоёр талаар нутаглаж байсан Эхирэд нартай холбоотой гэж үздэг. Тэд Буриад, Хонгирад, Горлос нартай домог зүйн талаас нэг гарвалтай хэмээн үздэг. Чингис хааны эхэн үед Ихирэсийн Буту хүргэн түүнд хүчин зүтгэж байснаас Их Монгол Улсын үед нэр нөлөө бүхий овгуудын тоонд орж, алтан ургийнхантай харилцан ураг төрлийн холбоо тогтоож байсан. Тухайлбал, Мөнх хааны их хатан Хутугуй хатан бол Ихирэс овгийн хүн юм. Юань улсын дараа нэр нөлөөтэй хүн түүхэнд гарахаа больсон. Одоогийн байдлаар Монгол улсад Ихирэс овогтон цөөн тоотой байж, ОХУ-ын Эрхүү, Буриадын нутагт Эхирэдүүд их хэмжээгээр амьдарч байгаа.
Тус аймгийн үүслийг тэмдэглэсэн одоо мэдэгдэж байгаа анхны эх сурвалж Рашид Аддины бичсэн Судрын чуулганд бичихдээ: "...Алтан савнаас гурван хөвгүүн төржээ...Нэгдүгээр хөвүүн Журлук мэргэн тэр орчин үеийн хонгирадад хамрагдаж байгаа аймгуудын өвөг, Хоёрдугаар хөвүүн нь Күбай Шира. Тэр хоёр хөвүүнтэй. Ихирас, Олхунуд юм. Гуравдугаар хөвүүн нь Түсүбү Дауд. Түсүбү Дауд тэр хоёр хөвүүнтэй. Харануда, Кинклиуда нар билээ..." хэмээсэн нь Ихирэсийн ноёд нь Олхунуд, Хонгирад, Харнууд, Кинклууд (Хонхлууд?) аймгуудын ноёдтой угсаа гарал нэгтэй болохыг баталж байдаг.
Чингис хаан эсгий туургатныг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулахад ихирэсийн Буту хүргэнийг мянгатын ноёноор өргөмжлөн, хоёр мянган ихирэсийг захируулжээ. Чингис хаан Алтан улстай дайтаж байхдаа 1217 онд нутгийн зүгт буцахын өмнө Мухулай ноёныг улсын ван, тайш цолоор өргөмжлөн зүүн гарын Уруд, Мангуд, Жалайр, Ихирэс, Хонгирад хэмээх таван аймгийн цэргийг захируулж, цаашид Алтан улсын эсрэг байлдахыг тушаасан. Эдгээр таван аймгийг хожим нь Таван түшээ аймаг гэх болжээ. Алтан улсыг эзлэн дагуулсны дараа таван түшээ аймаг, тэр дотроо ихирэс аймаг нь Говиос урагш эзэлсэн хятад иргэдийг дарангуйлан захирах монгол цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан.
Анх Буту хүргэн Чингис хаантай нөхөрлөх болсноор, охин дүү Тэмүлэнтэй хуримлаж, ураг төрлийн холбоо тогтоосон. 1202 оны орчимд Тэмүлүн өөд болсны дараа 1206 онд Чингис хааны зарлигаар худ ургийн харилцааг улам бататгахын тулд охин Хожин бэхийг Бутуд эхнэр болгон соёрхов. Энэ үеэс хойш Юань Улс мөхтөл Ихирэсийн үе үеийн ноёд хиад боржигин овгийн хаад ноёдын охидтой хуримлан хүргэн болж, монголын төрд үнэнчээр зүтгэж байсан.
This article uses material from the Wikipedia Монгол article Ихирэс, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.