Карача́й-Черке́си (Орос: Карачаево-Черкесия) — Орос улсын харьяат орон юм.
Карачай-Черкеси орон 14.3 мянган км² талбайт нутагтай, 470 мянган хүн амтай. 1992 оноос хойш Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улс (БНКЧУ) хэмээх бүтэн нэртэй болсон. ОХУ-ын Хойд Кавказын холбооны тойрог, Хойд Кавказын эдийн засгийн бүст харьяалагдана. Нийслэл Черкесск хот 125 мянган хүнтэй.
Бүгд Найрамдах Карачай-Черкеси Улс | |
---|---|
Карачаево-Черкесская Республика | |
Бусад галиглал | |
• Карачай-балкар | Къарачай-Черкес Республика |
• Кабард | Къэрэшей-Шэрджэс Республикэ |
• Ногай | Карашай-Шеркеш Республикасы |
• Абаз | Къарча-Черкес Республика |
Улс | Орос |
Холбооны тойрог | Хойд Кавказын ХТ |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ |
Нийслэл | Черкесск |
Засаг захиргаа | |
• Биет | Ардын Хурал |
• Тэргүүн | Рашид Темрезов |
Газар нутаг | |
• Нийт | 14,277 км2 (5,512 миль2) |
• Байр | 77-р байр |
Хүн ам (2021 Тооллого) | |
• Нийт | 469,865 |
• Тооцоо (2018) | 466,305 |
• Байр | 74-р байр |
• Нягтрал | 33/км2 (85/миль2) |
• Хотын нутаг | 41.3% |
• Хөдөө | 58.7% |
Цагийн бүс | UTC+3 () |
ISO 3166 код | RU-KC |
Улсын дугаар | 09 |
OKTMO ID | 91000000 |
Албан ёсны хэл | Орос хэл; Абаз, Черкес (Кабард), Карачай, Ногай хэл |
Вэб сайт | http://www.kchr.ru/ |
Улсын орос хэлний хамтаар нутгийн ардын абаз, карачай, ногай, черкес хэлийг албанд хэрэглэнэ. Карачай (38%), орос (34%), черкес (11%) болон бусад яс үндэсний (18%) ард иргэдтэй. Краснодар, Ставрополь, Кабардино-Балкари, Гүрж, Абхазтай хиллэдэг.
Карачай-Черкес орон Их Кавказын нурууны баруун ар хэсэгт байна. Нутгийн 80% өндөрлөг газар болно. Нам доор газар, бэл, уул гэж 3 бүст хуваагдана. Кабард-Балкар оронтой хиллэх зурваснаа Европын хамгийн өндөр Эльбрус (5642 м) сүндэрлэсэн. Марух, Клухорын даваагаар Абхаз руу нэвтэрнэ.
Кубань, Большой, Малый Зеленчук, Уруп, Лаба зэрэг 172 гол мөрөн энэ нутгаас эх авч урсдаг. Ставрополийн их суваг эндээс татагдсан байдаг.
Өвөл I сард дунджаар −3 °C, зуны VII сард дунджаар +21 °C температуртай. Жилийн хур тунадас 500-2000 мм.
Чулуун нүүрс, гранит, алт, шаврын орд газар элбэгтэй. Мөн халуун рашаан олон бий.
Карачай-Черкесид 2016 оны тооцоогоор 467,797 хүн амьдарч байна.
Яс үндэс | Хүн ам (2010 он)(*) |
---|---|
Карачай ястан | 194 324 (41,0 %) |
Орос үндэстэн | 150 025 (31,6 %) |
Черкес ястан | 56 466 (11,9 %) |
Абаз ястан | 36 919 (7,8 %) |
Ногай ястан | 15 654 (3,3 %) |
Осет ястан | 3 142 |
Армен үндэстэн | 2 737 |
Украин үндэстэн | 1 990 |
Татар үндэстэн | 1 696 |
Грек үндэстэн | 1 276 |
Яс үндсээ тодорхойлсонгүй | 3 499 |
Карачай, ногай нь түрэг төрлийн хэлтэй, орос, армен, украин нь слав төрлийн хэлтэй, черкес, абаз нь Кавказын уугуул хэлтэй, осет нь иран төрлийн хэлтэй. 5 албан ёсны хэл мөрддөг.
Сүүлийн үед Кавказ дахь дайн, эдийн засгийн хямралаас болж оросууд орхин нүүх нь ихэсч, хүн амд эзлэх хувь буурсаар буй. Чеченийн дайны үеэр 20 мянга орчим чечень дүрвэж орж ирж байв.
Карачай-Черкес орны нийт хүн амын 48% ислам, 14% христийн үнэн алдартан, 12% нутгийн уламжлалт шашин шүтлэг, 12% шүтлэгтэй гэвч шашингүй, 7% огт шүтлэггүй гэсэн судалгаа бий.
Хотын оршин суугч — 42,72 %-ийг эзэлж байна.
Эрт үед энэ нутагт алан хүмүүс амьдарч байв.
1918-1922 оны хооронд энэ нутгийг Кубаний ЗСБНУ, Уулын автономит ЗСБНУ хамаарч байв.
ЗХУ тогтсоны дараа 1922 оны 1 сарын 12-нд Ар Кавказын хязгаарын харьяанд Карачай-Черкесийн өөртөө засах муж болон байгуулагдсанаа 1926 онд Карачайн өөртөө засах муж, Черкес үндэсний тойрог болон хуваагдсан. 1928 онд Черкес ҮТ нь Черкесийн өөртөө засах тойрог гэх болов.
1943 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд байлдсан хэмээн карачай хүмүүсийг Дундад Ази руу цөлж нутгийг нь татан буулгаж Ставрополийн хязгаарт нэгтгэв. Карачай ястан цөллөгнөөс буцаж ирсэний дараа нутгийг эргүүлэн гаргаж 1957 оны 1 сарын 12-нд Ставрополийн хязгаарын харьяанд Карачай-Черкесийн өөртөө засах муж дахин нэгдэн байгуулагдсан.
ОХУ байгуулагдах үе шатанд Карачай-Черкест Карачайн, Черкесийн, Баталпашиний, Абазын гэх мэтээр ястны бүгд найрамдах улсууд тунхаглагдах болов. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин тус тусын нэрээр өөртөө засах муж байх сонголт санал болгосон. 1992 оны 3 сарын 28-ны нутгийн ард иргэдийн санал асуулгаар олон хуваагдах шийдэл дэмжигдээгүй.
Ингээд 1992 оны 4 сарын 21-нд Бүгд Найрамдах Карачай-Черкес Улс (БНКЧУ) тунхаглагдсан. 1993 онд ОХУ-ын үндсэн хуульд БНКЧУ бүгд найрамдах улсын зэрэг бүхий байхаар заагджээ. 2011 оноос хойш удирдагч нь «ерөнхийлөгч» биш «тэргүүн» гэдэг цолтой болов.
Ерөнхийлөгчийн засагтай. Нэг танхим, 73 суудалтай парламенттай. Үндэстэн хоорондын зөрчил хурцадмал байдалтай. 1999 оны 5 сард болсон анхны ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн карачай Владимир Семёнов черкес Станислав Телевийг ялсны дараа черкесүүд сонгууль шударга бус болсон хэмээн өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан аж. Дээд шүүхээс сонгуулийг хүчинтэйд тооцох шийдвэр гарсан ч черкесүүд болон Телевийн талынхан БНУ-ыг хуваахын төлөө тэмцэл явуулсан.
2001 онд автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч хүний аминд хүрсэн алан хядлага болсон бөгөөд гэмт хэрэгтнүүд нь Чечений салан тусгаарлагчид гэж үздэг.
Адыг орон дотроо 2 хот, 10 район болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | городской округ | 2 | Карачаевск | Черкесск |
район | муниципальный район | 10 | Абаз |Адыге-Хабль | Зеленчук | Карачаевск | Малокарачай | Ногай | Прикубань | Уруп | Усть-Жегута | Хабез |
Аж үйлдвэр нийслэл Черкесскт төвлөрчээ. Хойд хэсгээр химийн, автомашины үйлдвэр, мал аж ахуй, өмнөд хэсгээр олборлох аж ахуй, мод боловсруулах, хонь үржүүлэх газрууд бий.
This article uses material from the Wikipedia Монгол article Карачай-Черкеси, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.