Архангай аймаг нь Монгол Улсын 21 аймгийн нэг.
Аймгийн төв нь Цэцэрлэг хот юм.
Архангай аймаг ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1931 он |
Нийслэл | Цэцэрлэг |
Газар нутаг | |
• Нийт | 55,313.82 км2 (21,356.79 миль2) |
Өндөр (хамгийн өндөр цэг) | 3,529 м (11,578 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 95,253 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 133 |
ISO 3166 код | MN-073 |
Улсын дугаар | АР_ |
Вэб сайт | arkhangai |
Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг.
Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь аялал жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулын тогтцоороо олны анхаарлыг татдаг.
Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь монгол орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.
Аймгийн нутгийн хойд хэсэг нь пермийн ба чулуун нүүрсний галавын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.
Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.
Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутагт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно.
Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ.
Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг.
Сайн ноён хан аймаг (1725-1911) Халхын сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагджээ. Халхын сайн ноён хан аймгийн дээд өвөг болох Хөндлөн Сайн ноён Хан бол Чингис хааны удам, Батмөнх Даян сэцэн хааны аравдугаар хүү Гэрсэнз Жалайр хун тайжийн гуравдугаар хүү, Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хүү юм. Тэрээр IX жарны шар морин жил буюу 1558 онд төрсөн бөгөөд ах Автай Сайн ханы хамтаар Халхад Шарын шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байв. 1725 оны байдлаар Халхын Сайн ноён хан аймгийн нутаг умар зүг Чулуут голоос өмнө зүг Цэцэрлэг гол, дорно зүг Бор бургас, Олон нуураас өмнө зүг Халзан согоот, Хөл саяын даваа хүрч байв. 1761 онд Өөлдийн хоёр хошууг Сайн ноён аймагт шилжүүлэн захируулж энэ үеэр аймгийн нутгийн хилийг умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан богд хүртэл өргөтгөж, анх байсан 19 засаг хошууг 24 болгосон ажээ. Сайн ноёны аймгийн чуулган Аймгийн чуулганыг Манжийн эзэн хааны зарлигаар 1728 онд бий болгожээ.Аймгийн чуулган тэр аймгийн дээд эрхийг барих газар байсан бөгөөд тэр үед чуулганы хуралдааныг ‘’чуулган чуулах’’ буюу чуулган нийлэх гэж нэрлэж байсан байна. Манжийн хуулинд зааснаар аймгийн чуулганыг 3 жилд нэг удаа чуулж байсан боловч зарим дайн дажинтай үед тасалдах явдал ч тохиолдож байжээ. Аймгийн чуулганд чуулган дарга, жанжин, хошууны засаг ноёд,тэднийг дагалдсан түшмэд, бичээч нар оролцдог байв. Аймгийн чуулганы өдөр тутмын ажлыг засаг ноёд, дагуул түшмэл, бичээч нарын хамт 3 сараар жасаалан суух журмаар гүйцэтгэж байсан бөгөөд галч , зарлага, дахар хуяг зэрэг байнгын ажилчид үйлчилж байсан юм.
(1911-1921) Халхын Сайн ноёны аймаг нь Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймаг болон өөрчлөгдөж Сайн ноён хан Намнансүрэн, Богд хаант Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож, Далай Чойнхор ван Цэрэнсодном Дотоод яамны дэд сайдаар томилогдов. Богд хаант Монгол улын Сайн ноён хан аймаг нь нутаг дэвсгэр, хүн ам, хошуу шавийн тоо, хөрөнгө малын хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймгийн нэг байв. 1918 оны байдлаар Сайн ноён хан аймаг 30619 өрхтэй,133748 хүн амтай байлаа.Бүх хүн амын 54,8 хувь нь эрэгтэйчүүд, 45,2 хувь нь эмэгтэйчүүд нийгмийн анги давхаргын хувьд нийт хүн амын 5,7 хувь тайж нар, 16,8 хувь хамжлага албат, 28,1 хувь нь сум албат, бүх эрэгтэйчүүдийн 39,2 хувь нь лам нар байв. Засаг захиргааны үндсэн нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаар газар 1 гэсэн 31 нэгэн нэгжээр бүрдэж байжээ.Эдгээр шавийг 6-13 удаа хэргэм зэрэг залгамжилсан засаг, гүн, бэйл,бэйс,вангийн зэрэг бүхий хар ноёд тамгатай хутагт захирагч байсан юм. Ардын засгийн газар 1922 онд Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгон ноёдын эрх хэмжээг хязгаарлах, аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлж суурьшуулах ажлыг эхний ээлжэнд хийлгэв.1922 оны 5-р сарын 7-нд аймгийн чуулган даргын албан хэргийг чуулганы дарга Дүгэржав, дэд дарга Лувсанбалдан нарт хүлээлгэн өгч гүйцээв.Ингээд тус аймгийн чуулган, да жасааны өргөөг Цогтоо гүн Дашдоржийн хошууны нутаг (одоо Баянхонгор аймаг Бөмбөгөр сум) “Дааган дэл” гэдэг газраас нүүлгэн Заяын хүрээний газар шилжүүлэн суурьшуулсан юм. Ийнхүү Заяын хүрээ (одоо Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум) аймаг орны засаг захиргааны төв газар болов. 1922 оны 9-р сард хошуу тамгын газруудын тамгыг хураан авах ажил эхлэн, 10-р сараас шинээр аймаг байгуулах ажил хийгджээ.
1923-1931 онд Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдсан нь 1923 оны 1 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 58 дугаар тогтоолоор аймгийн суурин жасаадыг татан буулгаж мөн оны 6дугаар сарын 22 дугаар хурлаар аймгийн чуулганы дэргэдэх жанжин жасаадыг дагалдах аппаратынх нь хамтаар татан буулгасан юм. Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн Сайн ноён ханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ. 1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна.
1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав. 1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар Завхан аймагтай, Их жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ идэр сумын нутгаар Хөвсгөл аймагтай, Могод, Гурванбулаг, Төв аймагтай, Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай аймагтай хил залгаж байв. 1931 оны 12-р сарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 малтай байжээ.
Архангай аймаг 2020 онд 94,254 хүнтэй байв. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан-97.1% зонхилно. Харин Өөлд-2.3% Дөрвөд-0.2% Баяд-0.1% Бусад 0.3% эзэлнэ.
Архангай аймаг 19 сум, түүний 99 багт хуваагддаг.
Сум | Сумын төв | Хүн ам (2009) | Хүн ам (2022) | Нутаг дэвсгэр (км²) | Нягтрал (хүн/км²) | |
---|---|---|---|---|---|---|
1 | Эрдэнэбулган | Цэцэрлэг | 17,770 | 21,603 | 536 | 33.15 |
2 | Батцэнгэл | Жаргалант | 3,846 | 3,774 | 3,500 | 1.10 |
3 | Булган | Булгийн дэнж | 2,434 | 2,838 | 3,100 | 0.79 |
4 | Жаргалант | Баянцагаан | 4,111 | 4,383 | 3,832 | 1.07 |
5 | Ихтамир | Заанхошуу | 5,247 | 5,696 | 4,800 | 1.09 |
6 | Өгийнуур | Зэгстэй | 3,086 | 3,129 | 1,686 | 1.83 |
7 | Өлзийт | Хөшөөт | 3,102 | 3,403 | 1,700 | 1.82 |
8 | Өндөр-Улаан | Тээл | 5,798 | 5,870 | 4,000 | 1.45 |
9 | Тариат | Хорго | 5,086 | 5,064 | 3,800 | 1.34 |
10 | Төвшрүүлэх | Таван булаг | 3,438 | 2,907 | 1,200 | 2.86 |
11 | Хайрхан | Уубулан | 3,656 | 3,673 | 2,500 | 1.46 |
12 | Хангай | Хунт | 2,926 | 3,228 | 4,400 | 0.66 |
13 | Хашаат | Баян | 3,344 | 3,150 | 2,600 | 1.29 |
14 | Хотонт | Хотонт | 4,440 | 4,349 | 2,200 | 2.02 |
15 | Цахир | Авгалдай | 2,143 | 2,485 | 3,398 | 0.63 |
16 | Цэнхэр | Алтан-Овоо | 6180 | 6,107 | 3,200 | 0.75 |
17 | Цэцэрлэг | Хужирт | 3,813 | 3,784 | 2,500 | 1.53 |
18 | Чулуут | Жаргалант | 3,744 | 4,199 | 3,900 | 0.96 |
19 | Эрдэнэмандал | Өлзийт | 5,933 | 5,611 | 3,400 | 1.74 |
Нийт | 89,311 | 95,253 | 56,252 | 1.59 |
Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо-Техникийн ухааны доктор (Ph.D), Чулуут сум
Балдоржийн Сандагдорж - Доктор /Ph.D/ Хашаат сум
арслан, Булган сум
This article uses material from the Wikipedia Монгол article Архангай аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.