Валентина Васильевна Толкунова (1946 оны 7 сарын 12 -нд ЗХУ-ын Краснодар хязгаарын Армавир хотод төрсөн– 2010 оны 3 сарын 22-нд ОХУ-ын Москва хотод нас баржээ) - Зөвлөлт, Оросын алдартай ардын дууны дуучин.
ЗХСБНОУ-ын Ардын жүжигчин (1987). Лениний комсомолын шагналтан (1980). Уран бүтээлийн 44 жилийн хугацаанд 800 орчим дуу дуулсан байна.
Түүний эх нь Евгения Николаевна Толкунова (Смирнова) ЗХУ-ын Буриад улсын Танхой хотод төрсөн ажээ. Эцэг Василий Андреевич Толкунов нь төмөр замчин байсан тул Буриадад ажлаар томилогдож очоод эхтэй нь танилцсан байна.
Валентина нэг нас долоон сартай байхдаа гэр бүлийнхээ хамт Краснодарын Армавир хотоос Москва руу нүүжээ. Тэрээр бага насаа Москвагийн Ховрино дүүрэг орчимд эхлээд хуаранд, дараа нь вокзалын ойролцоох төмөр замын ажилчдын байранд өнгөрөөжээ. Тэднийд хөгжим үргэлж сонсогддог байжээ: Леонид Утёсов, Клавдия Шульженко, Лидия Русланова нарын дуулсан дуунуудын бичлэгүүд их байжээ. Охин дуртай жүжигчдийнхээ олон дууг дуулж сурсан. Валентина 10 настайдаа уралдаант шалгалтаар Семён Осипович Дунаевский тэргүүтэй Төмөр замын ажилчдын хүүхдийн төв ордны найрал дуунд оржээ. Түүний анхны хөгжмийн багш бол Татьяна Николаевна Овчинникова - хөгжимчин, багш-найрал дууны удирдаач. Ирээдүйд Валентина ямар мэргэжил сонгох нь тодорхой болов.
1964 онд Толкунова Москвагийн Улсын Соёлын дээд сургуулийн удирдаач, найрал дууны ангид элсэн орсон. 1966 онд Валентина Юрий Саульскийн (VIO-66) удирдлаган дор гоцлол найрал хөгжмийн хамтлагт элсэн орж, 5 жил гоцлол дуучин байсан бөгөөд хөгжмийн зэмсгийн жаз найруулга, өндөр сопрано хэсгүүд (дууны хамтлагтай) дуулжээ. Тэр жилдээ 20 настайдаа Юрий Саульскийтай гэрлэжээ. Хичээл, хамтлагийн аялан тоглолтыг хослуулах нь хэцүү байсан тул Толкунова 1971 онд Гнесины хөгжмийн коллежийн эчнээ ангид шилжиж амжиттай "онц" дүнтэй төгссөн. Төгсөлтийн шалгатаа Георгий Свиридов, Дмитрий Шостакович нарын найрал дуучдын хорыг удирдсан байна. 1976 онд Валентина Толкунова Москвагийн Соёлын дээд сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр төгсжээ.
1973 оноос телевизийн бүх зөвлөлтийн "Жилийн дуу" наадамд байнга оролцож, "Дуу-1973" наадамд шөвгөрч байжээ. Телевизийн хөгжмийн "Өглөөний шуудан" нэвтрүүлэг, алдарт хөгжмийн зохиолчдын дууны "Цэнхэр дэлгэц" үдэшлэгт оролцож байжээ. «Москонцерт» нэгтгэлийн гоцлол дуучин болжээ.
44 жилийн турш уран бүтээл туурвихдаа Валентина Толкунова хайр дурлал, гэр бүл, цэрэг-эх оронч дууны төрөлийн 800 гаруй дууг дуулсан бөгөөд тэдний олонх нь янз бүрийн шагналаар шагнагдаж, оросын бүх насны сонсогчдын дунд амжилт олж байжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Валентина Толкунова, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.