Хамтлаг Дэлхий

“Дэлхий” хамтлаг 2013 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод албан ёсоор байгуулагдсан, фолктроник, чилаут, нью-эйж, этно электроник, уорлд мюзик, этник рок урсгалуудаар уран бүтээлээ туурвиж байна.

Хөгжмийн зохиолч, продюсер Г.Онон, хөгжмийн найруулагч, продюсер М.Болд (хөгжмийн зохиолч, хөгжимчин, продюсер) нарын үндсэн бүрэлдэхүүнтэй.

Хамтлагийн тухай

XXI зууны Монголын поп-рок хөгжмийн ертөнцөд эрс шинэчлэл хийсэн “Дэлхий” хамтлаг 2009 онд, “Ертөнц” цуврал концепт төсөл санаачлан хэрэгжүүлэхээр нэгджээ. Үүнээс өмнө хөгжмийн зохиолч, уран бүтээлч, продюсер Г.Онон 2007 онд “Люмино” хамтлагийн гишүүн Д.Анхбаатартай Монголын анхны chill-out урсгалын “Introduction to Nomads” цомгийг бүтээсэн ч зохиогчийн эрх эзэмших тал дээр туршлага дутсан юм. Уг цомгийн ажил дээр гаргасан алдаагаа засаж, дахин шинэ төсөл эхлүүлсэн нь “Ертөнц” төсөл юм.

Эхэн үедээ уг төслийн бүтцийг тодорхойлохоор хамтлагийн гишүүд эрчимтэй судалгаа хийсний дүнд арилжааны шинж чанартай, мэйнстрим урсгалаас татгалзахаар тогтжээ. Улмаар монгол ардын хөгжмийн зэмсгүүд, ялангуяа түүхийн судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн, өнөөдөр тэр бүр эгшиглэдэггүй хөгжмийн зэмсгүүдийг ашиглахаар болсон байна. Энэ санаачилгын хүрээнд тэд Юань гүрний их хаан ширээнд Чингис хааны ач, Хубилайг залах ёслолд 412 хөгжимчинтэй их найрал хөгжимд эгшиглүүлсэн хобис хөгжмийг ӨМӨЗО-оос авчруулж, уран бүтээлдээ ашигласан нь орчин цагийн Монголын хөгжмийн амьдралд гарсан цоо шинэ үзэгдэл болсон юм.

Эрт, эдүгээгийн эдгээр хөгжмийн зэмсгүүдийг хамгийн сүүлийн үеийн технологид үндэслэн бүтээсэн хөгжим, техник тоног төхөөрөмжтэй хамт ашиглах тул өндөр ур чадвартай, авьяастай хөгжимчдөөс сонгон шалгаруулж “A-Sound” хамтлагийн гоцлол гитарчин Ц.Алтангэрэл, “Fire” хамтлагийн аргил гитарчин Д.Батбилэг, ятгачин, МУГЖ Б.Мөнх-эрдэнэ, төгөлдөр хуурч Ш.Баяржаргал, бөмбөрчин М.Баттулга, саксофонич Ц.Нямгэрэл, лимбэчин Б.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй төслийн хамтлаг байгуулсан юм. “Ертөнц” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтлагийн үндсэн гишүүд “Bro’s” рекордс студи байгуулсан бөгөөд уг студийн уран бүтээлчдээр дуучин Г.Тэнүүн, Б.Солонго болон ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ нар, гүйцэтгэх захиарлаар продюсер М.Болд ажиллаж байна.

Үүнээс гадна “Дэлхий” хамтлаг байгалийн дуу чимээг уран бүтээлдээ өргөнөөр ашигладаг.

Хамтлагийн уран бүтээлд дэлхийд алдартай “Энигма” төсөл, шинэ цагийн хөгжимчин Оливер Шанте, Ванжелис, Сирил Морин нарын нөлөө туссан бол тэдний туршлагаас “The Hu” ашигладаг.

Хамтлагийн тухай “Playtime” хөгжмийн наадмыг зохион байгуулагч Ц.Нацагдорж “...этно рок урсгалаар тоглодог хамтлагуудаас нүүдэлчний хэв шинж хөгжимддөг бол Томоо, Онон хоёроос хот сонсогддог...” гэсэн нь тэднийг илүү үггүй тодорхойлжээ.

“Дэлхий” хамтлаг 2015 оны “Playtime” хөгжмийн наадамд “Ертөнц” цомгоо бүрэн хэмжээгээр, удаах “Байгаль” цомогт орсон бүтээлүүдээ тоглож, 10000 орчим амьд хөгжим сонсогчийн хамт “Хурай, Хурай” дуугаа дуулсан нь уг наадмын түүхэнд урьд өмнө болж байгаагүй тохиолдол болсон юм.

2023 онд “Дэлхий” хамтлаг “Ертөнц”, “Байгаль” цомгуудаа пянзаар гаргасан. Эдгээр цомгийн аналоги мастерингийн ажлыг гүйцэтгэсэн дууны инженер И.Вестерман “... худалдаанд гармагц Монголоос явуулаарай...”  гэж “Chinzo’s Records Room”-ийхнээс гуйсан нь нэр бүхий уран бүтээлчдийн авьяас ур чадварыг илтгэж байгаа хэрэг юм.

“Дэлхий” хамтлагийн уран бүтээлүүдийг Төр, Засгийн томоохон арга хэмжээнүүд дээр тогтмол эгшиглүүлдэг уламжлал тогтоод байна. Түүнчлэн амьд ертөнцийн цуврал “Хүрээлэн” төсөл, томоохон телевизийн сувгуудын цаг агаарын хөтөлбөр, бүрэн хэмжээний кино, баримтат кино, нэвтрүүлгүүдэд ашиглахаас гадна зар сурталчилгаа, Улсын их дэлгүүр, Хүннү Молл зэрэг улсын нүүр царай болсон томоохон их дэлгүүрүүдэд эгшиглүүлж байна. 

Хөгжмийн зэмсэг

Дэлхий хамтлаг чавхдаст хөгжмийн хамгийн эртний өвөг товшуур болон хэл хуур, хэц хэнгэрэг зэрэг мартагдсан хөгжмийн зэмсгүүдийг дахин сэргээсэн билээ. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн морин хуур, ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан дахин давтагдашгүй, урьд өмнө байгаагүй цоо шинэ дуугаралтыг гаргасан нь мартагдсан соёлын өвийг сэргээж буй түүхэн ач холбогдолтой явдал юм.

Энэ мэтчилэн эртний язгуур хөгжмийн зэмсэг болон байгалийн дуу чимээг дэлхий дээр хамгийн сүүлийн үед ашиглаж буй Ралли, Новэйшн, Эблтон Лайв, Пуш зэрэг технологиудтай хослуулан хамгийн орчин үеийн шинэлэг дуу, дүрс, гэрлийн хамтарсан инновацийг бүтээжээ.

Тоглолтууд

  • 2013 оны 2 сарын 22 - “Coal of Mongolia 2013” чуулга уулзалт
  • 2013 оны 7 сарын 6, 7, 8, 8 сарын 19 - “Ертөнц” тоглолт Монголын хүүхдийн ордон /жуулчдад зориулсан/
  • 2013 оны 8 сарын 25 - “Ертөнц” тоглолт Мэлхий хаданд /амьд байгальд/
  • 2014 оны 1 сарын 19 - “Ертөнц” тоглолт /МҮОНТ- н Алтан сан хөмрөгт/
  • 2015 оны 6 сарын 27 - “Playtime 2015” /амьд хөгжмийн наадам/
  • 2015 оны 7 сарын 11 - Улсын Их Баяр Наадам /талбайн тоглолт/
  • 2015 оны 7 сарын 11 - DJ Styline хамтарсан наадам Party
  • 2016 оны 11 сарын 26 - Дэлхий хамтлаг амьд тоглолт Gandan view – Байгаль цомгийн тоглолт
  • 2017 оны 7 сарын 11 - “Наадам” шоу Corporate convention centre
  • 2017 оны 9 сарын 22 - “Намар” шоу Corporate convention centre
  • 2018 оны 9 сарын 8 - “Sofar” Улаанбаатарт /live/
  • 2022 оны 11 сарын 26 - Анхны бие даасан “УУхай” тоглолт

Цомгууд

“Дэлхий” хамтлагийн Ертөнц төсөл: Эх дэлхий, мөнх хөх тэнгэрийг бэлгэдэх цэнхэр өнгөт “Ертөнц” (2012), амьд бүхний бэлэгдэл ногоон өнгөт “Байгаль” (2016), өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бэлэгдэл гал улаан “Хүмүүн” (2022) болон ойрын ирээдүйд сонсогчдын сонорыг мялаах хүндэтгэлийн алтан өнгөт “Сэтгэл”, ариун гэгээн оюуныг илэрхийлэгч цагаан өнгөт “Гэгээрэл” цомгуудаас бүрдэнэ. Одоогоор сонсогчдод хүрээд байгаа цомгууд нь байгалийн чимээ, усны урсгал, шувууны донгодох, салхины сэвшээн, ардын ерөөл магтаал, хүний биеийн энергийн долоон хүрд зэрэг бүхий л юмс үзэгдэл, хүрээлэн орчны дуу чимээг багтаасан, дотогш чимээлсэн өөр өөрийн өвөрмөц онцлогтой бүтээгдсэн дуу хөгжмийн судалгааны агуу бүтээлд тооцогдоно.

“Ертөнц” цомог (2012)

Хамтлаг байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа “Ертөнц” төслөөр нэрлэгдсэн цомог бэлэн болсон ч дараа жил нь хэвлэгдэн сонсогчдын гарт очсон юм. Үүнээс өмнө цомогт орсон тракууд МҮОНР, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон ФМ-үүдээр цацагдах болсон нь биет цомог гарах угтвар нөхцөл болсон юм. Үүний зэрэгцээ 2012 оны хоёрдугаар сард болсон “Coal of Mongolia-2012” форумын нээлтэд мөнхүү цомогт орсон уран бүтээлээс анх удаа тайзан дээр тоглосон нь уг арга хэмжээнд оролцсон гадаад, дотоодын зочдын таашаалд асар ихээр нийцжээ.

Дан хөгжмийн найман зохиол, нэг ерөөл, нэг аялгуут зохиомжоос бүрдсэн “Ертөнц” концепт цомог худалдаанд гарсан даруй хөгжим сонсогчдийн сэтгэлд асар ихээр нийцсэн юм. Эхний хэвлэлтээс хойш уг цомог дахин хоёр удаа хэвлэгдэж нийт 13000 (2014 онд) ширхэг худалдаалагдсан нь цөөн хүн амтай, нийт хүн амын тун бага хувь нь орчин үеийн хөгжим идэвхтэй сонсдог, хязгаарлагдмал хэрэглэгчидтэй, оюуны бүтээлийг төдийлөн үнэлдэггүй улсын хувьд чамлахааргүй үзүүлэлт гэж болно.

Цомог хагас жилийн турш Hi-fi рекордсын хамгийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлжээ

“Ертөнц” цомгийн “Уулс” зохиолд орооныхоо үеэр жилд ердөө 2-3 хоног донгоддог орволго шувууны дууг бичиж оруулсан нь нэн ховор тохиол юм. Мөн морьд давхилдах, салхи исгэрэх чимээг хөгжмийн зэвсэг болгон ашигласан нь хотын шуугианд стресст орсон хүмүүсийг анагаах увдис агуулжээ.

Мөнхүү цомогт нар, салхи, ус зэрэг хорвоо ертөнцийг цогцлуулагч хүчин зүйлсийг эвийлэн аргадаж дуулсан нь монголчуудын хорвоо ертөнцийн юмс үзэгдлийг байгаагаар нь хүлээн авч, өнгөрсөнд харуусахгүй, өнө ирээдүйг угтан шаналдаггүй, эв эеийг эрхэмлэн дээдэлдгийн илрэл гэлтэй.

Хөгжим шимтэн сонсогчдын дунд “Цэнхэр” хэмээн алдаршсан уг цомог 2023 онд удаах “Байгаль” цомгийн хамт “Chinzo’s Records Room” лейблтэй хамтран дараах дарааллаар пянзаар гараад байна.

Уг цомгийн пянз хувилбарын хавтсыг зураач Б.Орхонтуул, цомогт багтсан зохиолуудын утгыг бүрэн илэрхийлэн зурсан, цэвэр уран бүтээл билээ.

“Байгаль” цомог (2016)

“Ертөнц” төслийн эхний цомог гарснаас хойш, онцгой хүлээлттэй гурван жилийн дараа 2016 оны дүн өвлөөр концепт цувралын “Байгаль” цомог мэндэллээ. Цомгийн эхний трак “Савдаг”-аар өмнөх “Ертөнц”-тэй холбогдох бол түүний удаах “Үүл”-ээс 1980-аад оны “euro-city-pop” эгшиглэнэ. Гэвч цаашаа энэ хэвээр үргэлжлэхгүй. “Үр”-ээс уламжлалыг шинэчлэлтэй, бүр тодруулбал өнгөрсөн зууны монгол дууны урлагт шинэчлэл хийсэн нийтийн дууны нийтлэг элементийг XXI зууны технолгиор баяжуулсан нь сайшаалтай. Үүнийг тэр үеийн дууг шинэ найруулгаар тоглосон гэж бүү андуураарай. Суулгасан үрээс дэлгэрсэн “Цэцэг”-ийг тарьсан эзнээ хэлээд өгнө. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж (“Сахал Пүүжээ”)-ийн гар орсон нь мэдэгдэнэ.

Цомгийн “Тайга”, “Чоно”, “Шонхор” гурав нь хөгжмийн зохиолч Г.Ононы чадал чансааг шавхсан бүтээлүүд. Харамсалтай нь дээрх гурван бүтээл 2023 онд пянзаар гаргасан хувилбарт багтаагүй. Хамтлаг 2014 онд цомогт орсон “Тайга”-ыг боловсруулахын тулд нийслэл Улаанбаатар хотоос 600км хол орших Хөвсгөл аймагт очжээ. “Тайга”-аар байгаль эхийн аялгуу эгшигт, хүмүүний дуу хоолой, хөгжмийн аяар гоёл чимэг зүүлгээ юу гэлтэй. “Чоно” өөрийнхөө туулсан амьдралыг бараг л ярина. “Шонхор” хэрхэн дүүлэн нисдэгээ үзүүлнэ. Өмнөх “Үр”-ээрээ өөрийгөө илчилсэн “сахал” Пүүжээ “Говь”, “Бүүвэй” дээр танигдахгүй. Харин түүний нөлөө “Байгаль”-аас мэдрэгдэнэ.

Хөгжим шимтэн сонсогчдын дунд “Ногоон” хэмээн алдаршсан уг цомог 2023 онд “Ертөнц” цомгийн хамт “Chinzo’s Records Room” лейблтэй хамтран дараахь дарааллаар пянзаар гараад байна.

Уг цомгийн пянз хувилбарын хавтас нь CD хувилбараас эрс ялгаатай. Э.Цолмонбатын зурсан хавтас цомгийн утгыг илэрхийлсэн боловч “Чоно”, “Шонхор” зэрэг шилдэг бүтээлүүдийг пянзанд багтаасан бол эрэмгий, дайчин шинж нэмэх байсан нь гарцаагүй.

“Хүмүүн” цомог (2022)

“Ертөнц” төслийн гурав дахь концепт цуврал “Хүмүүн” цомог гал махбодын бэлгэдэл улаан өнгийг дэвсэж, цомгийн бичлэгийг алдарт “Битлз” хамтлагийг олонд таниулсан Английн “Abbey Road” студид хийлгэж, 2022 онд бүтээжээ.

Уг цомгийг бэлдэх явцад хамтлагийнхан Монгол орны үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайн эрэгт бүхэл бүтэн зуныг өнгөрүүлсэн байна.

Хүн төрөлхтний салшгүй хэсэг болсон Covid 19 цар тахлын дараа уг цомог гарснаараа багагүй онцлогтой юм. Юугаар ч үнэлэшгүй хүний амьдралыг уран бүтээлчид хэрхэн харж, түүнийгээ илэрхийлэхээр нэгдэцгээсэн нь анзаарагддаг. Өмнөх хоёр цомогт орсон орчны чимээн дээр эхээс төрж буй хүүхдийн уйлах дуу, хөгжилдөн наадах хүүхдүүдийн чимээ нэмсэн нь хүн төрөлхтөн мөхөхгүй, цааш үргэлжлэн оршин тогтнохыг бэлгэдээ юу гэлтэй санагдана.

Хүн амьдралынхаа туршид ухамсраа бясалгалаар хөгжүүлэх чадвар, боломжтой цорын ганц амьд оршихуй. Иймээс ч энэхүү ухагдахууныг тус цомогт багтаажээ. Их түүх, өв уламжлалыг багтаасан “Жангар”, “Нууц товчоо” зэрэг аугаа зохиолуудыг бэсрэг баатарлаг туульс буюу магтаал дуун төрөлд оруулжээ.

“Хүмүүн” цомог өмнөх хоёр цомгоос бясалгалын хөгжмийн дэвсгэр өнгө, хэмнэл, нот тавьсан тул эхний 7 ая 7 чакраг эрчимжүүлэх цогц бүтээл болжээ. Тиймээс сонсогчийг бясалгалын түвшинд оруулах өндөр магадлалтай ажээ. “Хүмүүн” цомог морин хуур, хэл хуур, хобис, ятга, товшуур зэрэг ардын хөгжмийг усны давалгаа, галын чимээ зэрэг байгаль, ахуйн чимээг хослуулсан 9 аялгуу 1 магтаалаас бүрдэнэ.

Цомгийн эхний трак, “Soul” -ыг реквиемтэй зүйрлэж болно. Гамшигт цар тахлын улмаас амиа алдсан хэдэн сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн гашуудах аялгууны араас хорвоод мэндэлж буй нярайн уйлах чимээтэй холбосон нь амьдрал үргэлжилж, урагшлахыг илэрхийлнэ.

Түүний дараах таван тракаас хүний амьдралын салшгүй ахуй, нөхцлийг хөгжмийн зохиолч Г.Онон хэрхэн илэрхийлснийг сонсох болно.

“Байгаль” цомогт зөөлөн эгшигт “сахал” Пүүжээгийн уран бүтээлээс орсон бол “Хүмүүн” цомогт рокерууд хамтран ажиллажээ. Тэдний нэг нь “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлайн “Spirit”-ээс сопрана, уртын дууны шууранхайг гитарын гоцлолоор холбосон нь өвөрмөц.

“Хөх Тэнгэр” хамтлагийн гоцлол гитарчин Д.Өлзий-Орших, “Ертөнц” төсөлтэй эхнээс нь яваа Ц.Алтангэрэл нарын, цомгоор нэрлэсэн “Хүмүүн” магтаал, “Уухай” зэрэг бүтээлүүд орсон нь дээрх уран бүтээлчид ертөнцийн талаар үзэл санаагаа илэрхийлэх гэснийх болов уу.

Tags:

Хамтлаг Дэлхий Хамтлагийн тухайХамтлаг Дэлхий Хөгжмийн зэмсэгХамтлаг Дэлхий ТоглолтуудХамтлаг Дэлхий ЦомгуудХамтлаг Дэлхий

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын банкны жагсаалтМатрын замБөөн цагаан нуурЗарааХэрэйдБариНьютоны хуулиудАлун Гуа эхийн домогМэдрэлийн системЦахилгаан хэлхээМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсЭкологиЦиклонАлгоритмЗүүнгарын Хаант УлсОёдлын машинУнгарЯлтын уулзалтИнсулинБайгалийн хийТусгаар тогтнолПиЦонжин болдогДэлхийн өвДотоод сүлжээҮлэг гүрвэлБэгзийн ЯвуухуланФотосинтезХэлТэнгисМөнх хаанТэмбүүХятадМонгол УлсМонгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколКүнзийн сургаалХайлшИх Монгол УлсӨэлүнБохир усГепатит СХалхСэргээгдэх эрчим хүчАж үйлдвэрЗах зээлийн сегментчлэлАмазон мөрөнХөнгөн атлетикГенийн инженерчлэлЯргуй цэцэгСтратегийн ордуудИх Монгол улсын цэргийн тактикХиргисүүрМонгол хэлЦагаан сарЧингисийн чулууны бичигЧингүнжавУлс төрийн намШарын шашинЭд (биологи)YouTubeБогд хан уулНайруулга зүйТөв аймагШведХүннү улсМонгол хоолКонденсациУзбекистанДаралтҮерЭнергиСэлэнгэ мөрөнУвс нуурМөнгөЕвропын ХолбооУргамлын тэжээлПалеолитМесопотами🡆 More